Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд

2019-04-24

Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд

Элена Фавилли, Франческа Кавалло нарын эрхлэн гаргасан "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" ном нь аль хэдийнээ залуу хатагтай нарын ширээний найз болжээ.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэн, замд таарсан хэцүү бэрх бүхнийг хүч чадлаараа даван туулж, амжилтын оргилд хүрсэн 200 эмэгтэйн гайхалтай түүхийг энэхүү номонд өгүүлсэн юм.

Амжилт гэж чухам юу вэ, амжилтанд хүрэхийн тулд чи хэнтэй өрсөлдөх ёстой вэ? Энэ асуултанд хүн бүр янз бүрээр л хариулах нь дамжиггүй. Харин номын гол баатар болсон хүчирхэг бүсгүйчүүдийн нэгэн дуугаар хэлсэн хариулт юу байсан гээч...Магадгүй та уншаад тэдний хариулттай санал нийлэх биз ээ.

Охидыг жаахан, бас сул дорой гэж битгий дутуу үнэлээрэй. Хөөрхөн царайндаа инээд цацруулж, харсан үзсэн бүхнээ гэрэлтэйгээр төсөөлдөг тэдний бяцхан зүрхэнд томоос том мөрөөдөл нуугдаж байдаг юм. Гэвч тэр олон мянган мөрөөдөл бүгд биеллээ олж чаддаг болов уу. Мөрөөдөл биеллээ олохын тулд хичнээн бэрх зам, хэдий хирийн хугацааг туулж, чухам ямар үнээр үнэлэгддэгийг номын гол баатрууд мөн л таньд ярьж өгөх болно.

Хараагүй балетчин, хэзээ ч хөл дээрээ алхахгүй гэсэн хүнд оноштой байсан ч хожим дэлхийд нэрээ дуурсгасан гүйлтийн тамирчин, дэлхийн энх тайвны төлөө тэмцэн, олон мянган хүүхдийн амийг аварсан баатарлаг үйлстэн гэх мэтчилэн гайхалтай түүхийн эзэд энэ номонд багтжээ. Тэдний хэлсэн үгс таныг урам зоригоор хөглөх нь дамжиггүй.

 - "Эмч намайг хэзээ ч алхахгүй гэсэн. Харин ээж минь алхана гэсэн. Би ээжийнхээ үгэнд итгэсэн" Тамирчин Вильма Рудольф

 - "Дайнд нэг удаа ялахын тулд олон удаа тулаанд орох хэрэгтэй болох нь бий" Улс төрч Маргарет Тэтчер

 - "Үргэлж өөртөө үнэнч бай. Чиний зорилгод саад болох бусдын үгэнд хэзээ ч бүү сатаар" Хуульч, тэргүүн хатагтай Мишель Обама

 - "Шалтаг тоочдоггүй, шалтаг хүлээн авдаггүй нь миний амжилтын үндэс юм" Сувилагч Флоренс Найтингель

Та өөртөө л итгэх ёстой, тэгж гэмээнэ бусад хүн таньд итгэх болно. Итгэл бол мөрөөдлөө биелүүлж чадах хамгийн том зэвсэг. Мөн таныг урмаар тэтгэн, алдаж болохгүй боломжийг гарт тань атгуулдаг хайртай дотны хүмүүс байдгийг мартаж болохгүй.

Тиймээс яг одоо үүнийг уншиж суугаа бяцхан охин, залуу бүсгүй та сэтгэлдээ нуугдсан тэрслүү бодлоороо өөрийгөө хурцалж, зүрхэндээ тээсэн мөрөөдлийнхөө төлөө замд гарахад бэлдээрэй. Чамд хэн ч саад болж чадахгүй. Учир нь "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" ном чамд туслах болно.

 

 

 

top