Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Дэлхийн хамгийн алдартай 10 номын дэлгүүр

2018-11-13

1. Shakespeare and Company, Парис
Тус номын дэлгүүрийг анх 1919 онд Парисын Дюпюитрен гудамжинд Сильвия Бийч гэх америк бүсгүй нээжээ. Хэдэн жилийн дараа дэлгүүр улам тэлж Одеон гудамжруу нүүсэн байна. Яг л энэ байранд Сильвия Жэймс Жойсийн “Үлисс” романыг хэвлэж, яг л энэ байранд Жойс, Эрнест Хемингуэй, Джуна Барнс, Эзра Паунд, Анаис Нин, Хулио Кортазар, Джеймс Болдуин нар цуглан уулзацгаадаг байжээ. Гэвч дэлгүүр Дэлхийн 2-р дайны үеэр хаагдах хэрэгтэй болсон аж. Сонирхолтой нь, Сильвия Нацистуудад ном зарахыг хүсээгүйдээ хаасан хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Харин 1951 онд Джордж Уитмен гэх залуу дэлгүүрийг “Le Mistral” нэртэйгээр дахин нээсэн ч Сильвия дэлгүүрийн хуучин нэрийг авж явахыг санал болгожээ. Уитмен 2011 онд өөд болж, харин одоо түүний охин Сильвия Бийч Уитмен (Охиноо бүсгүйн нэрээр нэрлэсэн) дэлгүүрийг ажиллуулдаг ажээ.

2. The Strand, Нью Йорк 
Тухайн үеээр бол 4-р Өргөн Чөлөөнд 5 блок сунасан 48 номын дэлгүүр нөхөрсөгөөр оршин байсан нь The Strand юм. 1927 онд Литвын цагаач Бенджамин Басс тус номын гудамжыг бий болгосон ч одоо 18 миль үргэлжлэх ганц л дэлгүүр болж үлджээ. 


3. City Lights Books, Сан-Франциско
Чаплины киногоор нэрлэгдсэн "Хотын гэрлүүд" номын дэлгүүрийг 1953 онд яруу найрагч Лоуренс Ферлингетти нээжээ. Тус дэлгүүр нь АНУ-ын хамгийн анхны зөвхөн зөөлөн хавтастай номын дэлгүүр болжээ. Одоогийн Гүйцэтгэх захирал Элейн Каценбергер нь "Тухайн үед бүх л ном хатуу хавтастай зарагддаг байхад бидний энэ алхам маш шинэчилсэн зүйл байсан" гэжээ. 


4. El Ateneo Grand Splendid, Буэнос-Айрес
Буэнос-Айрес бол маргаангүй дэлхийн номын дэлгүүрүүдийн нийслэл билээ. Бусад хотуудтай харьцуулахад хамгийн олон номын дэлгүүртэй энэ хотод 100,000 хүн тутамд 25 номын дэлгүүр ноогддог байна. Бидний жагсаалтын хамгийн алдартай, мөн гарцаагүй хамгийн үзэсгэлэнтэй нь болох El Ateneo Grand Splendid-ийг 1919 онд архитектор Перо болон Торрес Арменголь нар бүтээжээ. Дэлгүүр хамгийн анх тангоны тоглолтоороо алдартай тансаг театр байсан хэдий ч 10 жилийн дараа тус хот дахь хамгийн анхны дуутай дэлгэцийн кино гаргадаг кино театр болон хувирсан байна. Гэвч 2000 онд театр татан буулгагдах болсоноор ILHSA групп худалдан авч, сэргээн засварлан анхны дуурийн суудалууд болон таазны иж бүрдэлтэй нь номын дэлгүүр болгон дахин нээсэн байна. Тус үзэсгэлэнтэй дэлгүүр нь жилд 1 сая гаруй зочид хүлээн авдаг ажээ.


5. Libreria Acqua Alta, Венец
Хэрэв хэн нэгэн хүн таныг Венецд байх үед хөвдөг номын дэлгүүрлүү явахыг санал болговол хариулт чинь "ТИЙМ!" л байх ёстой шүү. 2004 онд Луижи Фроззогын нээсэн энэ дэлгүүр мэдээж өөрөө "хөвдөггүй" ч номнууд нь хөвөх болно. Учир нь номнууд нь банн, сэлүүрт завь, хуванцар сав, бүрэн хэмжээний гондол завь зэрэгт хадгалагддаг учир ус орж ирэх үед бүгд хөвөх юм. 


6. Powell’s, Портланд 
Powell’s бол дэлхийн хамгийн том бие даасан номын дэлгүүр юм. Ерөнхий Захирал Мириам Сонц "Бидний том дэлгүүрт нэг сая гаруй ном бий. Гэхдээ тоо чухал биш, гол нь бидэнд хамгийн шилдэг гэсэн сая ном бий. Би үүнийг маш том амжилт хэлнэ. Учир нь бид өдөр бүр ном зардаг учир тавиурууд дээрээ тавих хамгийн шилдэг номнуудыг зогсолтгүй хайдаг юм" гэжээ.


7. Selexyz Dominicanen, Масстрихт
Нидерландын Масстрихт хотод орших тэртээх 13-р зууны үеийн эл гайхалтай газар нь 1794 онд Наполеон Бонапарт агуулах газар болгох хүртэл сүмийн зориулалтаар ашиглагддаг байжээ. Ийнхүү нээг их үүрэг рольгүй явсаар 2005 онд Merkx + Girod архитектурын компани тус сүмийг номын дэлгүүр болгон сэргээн засжээ. Зурагнаасаа л бишрэм харагдаж буй энэ барилгын ажлыг яагаад 2007 оны Шилдэг Архитертур Интерьерийн шагнал авсаныг тайлбарлах хэрэггүй биз ээ.


8. Atlantis Books, Ойa
2002 онд төгсөх курсын философийн ангийн 2 Америк оюутан Грекийн алдарт Санторинилуу амархаар явсан нь энэ алдартай номын дэлгүүр эхлэл байжээ. 2 залуу амрах явцдаа унших зүйлсээ дуусгаад номын дэлгүүр хайсан ч тус арал дээр номын дэлгүүр байдаггүйг мэдсэн байна. Ингээд вино уун халахдаа хамтдаа энд нүүж ирэн номын дэлгүүр нээхээр шийдэцгээжээ. Мэдээж бид бүгд л найзтайгаа ийм төлөвлөгөө яриад мартаж байсан байх. Гэвч Крэйг Валерер, Оливер Уайз нар үнэхээр үүнийг бодит болгож чадсан юм. Тэд цөөн хэдэн хамтрагч бүртгэж аваад хаягдал модоор номын тавиуруудаа хийсэн байна. Эгийн тэнгисийн эрэг дээр орших эл номын дэлгүүрээс хамгийн үзэсгэлэнтэй дүр зурагийг харна гэдэгт бид эргэлзэхгүй байна.


9. Livraria Lello, Порто
Португалийн Порто хотод байрлах Livraria Lello номын дэлгүүр нь эртний тансаг ордон мэт архитектур болон Джоанн Роулингын "Харри Поттер"-оос санаа авсан ороомог хэлбэрийн шатаараа алдартай юм. 1906 онд ах дүү Лелло нээж, архитектурыг нь тус зууныхаа суут архитектурууд болох Ксавье Эстевес, Ливрария Лелло нар хийсэн эл дэлгүүр нь жуулчидыг ихээр татдаг ба үзхэд 3 еврогийн такстай юм (хэрэв ном авбал үнэгүй). 


10. Honesty Bookshop, Хей-он-Уай
Монголоос 75 дахин жижиг Уэльсын Хей-он-Уай хот нь хэдий "бие жижиг ч номын бэлчээр нь том" газар юм. Тэр жижигхэн газар 40 гаруй номын дэлгүүртэйгээс гадна жуулчидыг ихээр татдаг Хей уран зохиолын фестивалыг зохион байгуулдаг. Тэдэн дундаас хамгийн сонирхолтой нь 60-аад оноос хойш ажилласаар байгаа Honesty Bookshop буюу Үнэнч Шударга Номын дэлгүүр юм. Яг л үгчлэн, ямар ч хараа хяналтгүй энэ газар хана дагасан том номын тавиурууд дээр ширхэгийг нь 1 еврогоор үнэлсэн номнууд (зөөлөн хавтастай нь 50 цент) өрөөстэй байх ба түүний хажууд мөнгөө хийх сав байрлана. Харин цугларсан мөнгө нь Хей Итгэлийн Харшийг байгуулах сайн үйлсийн аяанд зарцуулагддаг байна.

top