Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Гайхамшиг

2019-06-06

    “Намайг Август гэдэг. Өөрийгөө хэрхэн харагддагийг би тодорхой дүрслэн хэлж чадахгүй. Та ямар ч гэж бодсон бай бодит байдал түүнээс ч дор байж магадгүй”. Энэ бол зохиолч Р.Ж.Паласиогийн бүтээл “Гайхамшиг” номын гол баатар хүүгийн өөрийгөө илэрхийлсэн товчхон үгс. Түүнийг анх харсан хэн ч бай, гудамжинд зөрөөд өнгөрөх төдийд ч гайхсан харц чулуудан, заавал эргэж хардаг. Тиймээ, тэр жирийн нэгэн хүү биш. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад төрхөөрөө гэсэн үг ч бас биш юм.

     Түүний гадаад төрх өөрийнх нь тодорхойлсноор ихэнх хүмүүсийн зэвүүцлийг төрүүлэм харагддаг байж магагүй ч дотоод сэтгэл нь хичнээн ариухан, басхүү хэн бүхнээс илүү ухаалаг, хэрсүү нэгэн гэдгийг мэдэж болно.

     Зохиолч энэхүү номоо гудамжинд тааралдсан төрөлхийн нүүрний гажигтай бяцхан охиноос анх санаа авч бичсэн гэдэг. “Гайхамшиг” зохиол нь дэлхийн сая сая уншигчдын зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан үнэхээр алдартай бүтээл болсон юм.

     Р.Ж. Паласио энэхүү номоо бүтээхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн амьдралыг бусдаар өрөвдүүлэх зорилго агуулан хэт гунигтай, эмзэг түүх бичээгүй нь тун сайхан болсон юм. Номонд өгүүлсэн бүхэн дэндүү гэгээлэг, мөн уншихад нэн тохиромжтой, гарчиг бүр нь сонирхолтой, энгийн, агууллагууд нь хэт нуршаагүй бичигдсэн нь танд таалагдах нь гарцаагүй. Зарим хүмүүс хэт увайгүй, өөдгүй зантай байдгийг, харин зарим нь ямар уяхан хийгээд, тусч энэрэнгүй байдгийг та энэ номноос унших боломжтой. Мөн гол дүрийн хүү Август үргэлж л ямар ч үйл явдалтай учирахад бэлэн байж, хэцүү бүхнийг давж чадаж байгаа нь танд урам зориг төрүүлэх болно.

   Августын жирийн бус ч гэлээ аз жаргалтай амьдралын  гол түшиг нь түүний гэр бүлийнхэн юм. Хүүгээ бусдаас эрс өөр, “гажигтай” төрхтэй, энгийн нэгэн биш гэдгийг мэддэг ч хайрынхаа хүчээр түүнийгээ хэнээс ч илүү сайн хүү болгон өсгөж байгаа аав ээж хоёрт нь талархмаар...

  “Гайхамшиг” ном аль хэдийнэ үзэгчдийн сонирхолыг татсан уран сайхны кино болон дэлгэцнээ амилжээ. “Wonder” хэмээх гайхалтай киног та бүхэн хэрэв үзсэн бол номыг нь ч мөн заавал уншаарай. Харин киног үзэхийг хүсч байгаа бол эхлээд номыг нь уншаарай гэж мөн зөвлөмөөр байна.

   Август бол төрөлх хотынхондоо, гэр бүл, найз нөхөд, сургуулийнхандаа бурхнаас илгээсэн “гайхамшиг” юм. “Хэрэв чи бусдаас онцгой төрсөн л бол бусад шиг энгийн байж чадахгүй”. Үнэхээр онцгой нэгэн мөн бол яг л Август хүү шиг гайхамшиг бүтээж амьдрах ёстой шүү.

 

top