Улаанбаатар, Хан-уул дүүрэг, Zaisan Hill Complex, 7-р давхарт       96969983

Монголын их хатдын нууц товчоо

2019-05-03

        АНУ ын эрдэмтэн, нийтлэлч Жак Уэтерфордын бичсэн “Монголын их хатдын нууц товчоо” ном бол  оны хооронд амьдарч асан Монгол хатдын үнэн түүхийн тухай өгүүлсэн гайхалтай бүтээл юм. Энэхүү номонд Чингис хааны эзэнт гүрнийг түүний хатад, охидууд хэрхэн аварч хамгаалж байсан тухай бичжээ. Номын зохиогч Жак Уэтерфорд бол “Монголчууд бол зөвхөн эвдэн сүйтгэгчид биш, жинхэнэ бүтээн байгуулагчид байжээ” гэдгийг түүхээс үүдэлтэйгээр батлан бичиж үлдээсэн “гадны” хүмүүсийн манлайлагч нь гэж хэлж болно.

        Түүхийн сэдвээр туурвисан түүний хоёр дахь бүтээл болох “Монголын их хатдын нууц товчоо” ном нь 2009 онд Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн юм. Тэрээр энэхүү номоо нийт Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд, “Мөнх хөх тэнгэрийн алтан наран Их Монгол үндэстний эхчүүд, охидыг үүрд мөнх ивээх болтугай” хэмээн номоо эхлүүлсэн байна.

“Монголын их хатдын нууц товчоо” ном нь

  • Торгоны замын барс мэт хатад 1206-1241 он
  • Хагарч бутарсан маргад эрдэнийн Эзэнт гүрэн 1242-1470 он
  • Эх чоно 1470-1509 он гэсэн нийт гурван хэсгээс бүрдэх юм. 

Дээрх онуудад амьдарч асан Монгол хатад, Эзэн Чингисийн үр сад болсон охидын цэцэн ухаан, амьдралын түүх энэхүү номоор дамжин танд хүрнэ.

           Номын гол эх сурвалж нь “Монголын нууц товчоо” бөгөөд, түүн дээр гарах Монгол хатдын тухай ишлэл, түүхэн явдал бүхнийг дэлгэрүүлэн судалж өгүүлсэн нь маш сонирхолтой юм. Жишээ нь Чингис хааны эх Өүлэн хатан үр хүүхдээ хэрхэн сайн сайхан өсгөсөн талаар “ Тэр залгих хоолны шимтэйг заяасан хүүхэддээ өгч, хүний зэрэгт хүргэх гэж үргэлж зовно. Бохирыг нь арилгаж, борвийг нь сунгаж эмээлийн дөрөөнд хүргэв”. “Тэрээр наран мэт гэгээн, нуур мэт дэлгэр сэтгэлтэй ээж билээ” хэмээн дүрслэн өгүүлснийг онцолсон байна.

            Мөн “Чингис хааны ойр байсан эмэгтэйчүүд түүнд үргэлж урам зориг өгдөг байжээ. Тиймээс хаан тэднийг баярлуулахыг байнга хичээдэг байв” Ингээд Чингис хаан өгүүлрүүн: “Тэдний уруулыг балаар амтлан, биеийг нь алтан хувцасаар чимж, хурдан морь унуулж, хурын цэнгэг ус уулгаж, малыг нь өвстэй нугад бэлчээж, зам харгуй, бэлчээр талыг нь хогийн ургамал, өргөст цэцэгсээс цэвэрлэх нь миний туйлийн зорилго бөлгөө” гэснийг дурьдсан байна. Энэ мэтчилэн Монголын эзэнт гүрний хаадууд ээж, эмэгтэйчүүдийнхээ үгийг үргэлж сонсч, үйл хэрэгтээ тэдний хувь нэмэрийг хэрхэн тусгаж байсныг энэхүү номонд тод томруунаар өгүүлжээ.

            “Монголын их хатдын нууц товчоо” танай гэр бүлийн номын санд багтах зүй ёсны бүтээл юм. Эртнээс нааш цэцэн цэлмэг ухаанаараа гайхуулж ирсэн Монгол хатдын суу билиг орчин цагт ч таныг гайхшруулах сургамж байх болно.

top